ХӨВСГӨЛ ДАЛАЙН хар цагаан хил, ам
Манай Монгол нутагт байгаа хүн, бүх амьд амьтанд ус уух хувь гэж байдаг бол тэрний 95 хувь нь Хөвсгөл нуур бөлгөө. Орхон, Сэлэнгэ, Туулын онц сайхан голууд тэргүүтэй бусад мөрөн, булаг шанд нийлээд цэвэр усны үлдсэн таван хувийг бүрдүүлдэг аж.
Юмыг муугаар бодож дэлхийн цөлжилт даамжирлаа гэхэд бид Хөвсгөл нууртайгаараа хамгийн сүүлд үлдэх ба хувин усыг нь хувин алтнаас арилжих хувь заяа бий. Цаа буга тонгочихоос өөр булингартуулах орчингүй онгон дагшнаараа үлдсэн энэ их тунгалаг усан санд дэлхий даяараа санаа тавин анхаарлаа хандуулдаг юм байна. Ганц бидний мэдлийнх ч биш нийт хүн төрөлхтний өмч, амин нутаг учраас давхар давхар хариуцлагаар хучигджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллах үеэр Хөвсгөл нууран дээр очих завшаан гарсан юм. Саяхан энд мөс цөмөрч топельтэй машин усны гүнд тунасан түгшүүр хэвлэлээр цацагдсан. Өөр бас Хөвсгөл далайн эргэн тойронд уул уурхай нээх тухай яриа ч яваад байдаг. Хамгийн сүүлд мөсний баяр болоод өнгөрлөө. Ер нь Хөвсгөл гэсэн сэдэв байсгээд орж ирэх, тэр нь голдуу таагүй мэдээ дуулддаг. Энэ удаа нууран дээр хонож өнжих цаг зав олдсоноо ашиглан сурвалжлага хийсэн юм.
Саяхны дуулиан болох шатахуун тээврийн машины хэргийн талаар нутгийнхнаас тодрууллаа. Энд яг юу болсон гэж.
Хойд хязгаарт оршдог Ренчинлхүмбэ сум руу шатахуун хүргэхээр чиргүүлтэй хоёр "сесчеер" аймгийн төвөөс оройхон гарсан юм байна. Лхүмбэ орох хамгийн саадгүй дөт зам бол далайн баруун эргээр мөсөн дээгүүр Хатгалаас хойш 60 орчим км чавхдаад тэндээсээ эх газар руу салаад ганц нэг даваад цагаан замаар хүрчихдэг юм байна л даа. Дараа нь "зам явах"-аа бөглөхдөө Тоомын даваа энэ тэрээр зүтгүүлж, цас ухлаа их бензин хэрэглэсэн гээд олдог илүү хэдэн цаасанд нь л болсон юм билээ зайлуул. Тэрнийгээ нуух гэж шөнө гараад давхичихсан. Өмнө нь "жарын ес" давхиад байхаар нь хаа хүрээд Лхүмбэ рүү салдаг билээ гээд асуух гэтэл зогсож өгөөгүй. Тэгэхээр нь гүйцчих санаатай толь шиг мөсөн дээгүүр гишгэж өгч байтал гэнэт "хар хил" тулаад ирсэн. Өдөр бол арай холоос харах байх. Гэхдээ мөсөн дээр машин тооромслоно гэж юу байх вэ дээ. Бараг зуун милльтэй яваа машин трамплейнээс бууж буй цаначин хоёр ялгаагүй. Хөвсгөл далайд живж тунасан машинуудыг мөс даалгүй цөмөрсөн тохиолдол бараг байдаггүй гэсэн. Гэтэл бид шал өөр мэдээлэлтэй сууж байна. Дулаарал болж байгаа, мөс хайлж нимгэрсэн тул дээгүүр нь явж болохгүй, даахгүй гээд байдаг нь бүгд худлаа. Хэдэн арван тоннын даацтай авто кран мөсөн дээр суурилуулаад өрөмдлөг хийгээд өвөлжихөд метр хүрэхгүй зузаан мөс яах ч үгүй байсан гэнэ.
Далайн мөс харзны халиа шиг их хүйтэнд туушаараа тасхийн цуу үсэрдэг юм байна л даа. Өвөл гадаа битүү савтай ус тавиад хонуулахад зад хөлдчихдөгтэй адил физикийн үзэгдэл юм. Хэдэн арван км цуу үсэрсэн мөс усан дээр холхио үүсгэн нэг хэсэгтээ зай гарч нөгөө талдаа шахцалдан цас мөсөн овоолго бий болгоно. Үүнийг далайн хар ба цагаан хил үүслээ гэж нутгийнхан ярьцгаадаг. Хэзээнээс мэддэг. Хар хил буюу ус мэлтэгнэсэн хэсэг нь дахиж барьж хөлдөж өгөхгүй уддаг ба хөлдсөн ч хүн даахааргүй өрөмтөнө. Тэрнийг нь харахгүй явж байгаад үйчихдэг болтой юм билээ. Хашир туршлагатай хүмүүс бол хаана хэдийд хил үүсдэгийг анддаггүй ба хуучин цагт энэ чиглэлийн ажилтан ажиллаж туг хатгадаг байжээ.
Тэгээд ард гэрэл нь харагдаад байсан машинууд алга болчихоор нь нөгөө "жаран ес" явж байснаа гэнэт хар авч буцаад ирсэн байна. Ирсэн чинь гурван хүний хоёр нь шал нойтон юм чичрээд зогсож байсан. Бушуухан кабиндаа суулгаад давхиж тэнд өвөлжиж байгаа малчныд буулгаад яваад өгчээ...
Эхлээд аймгийн онцгойнхон ирж машинуудыг татаад гаргачихаж болох юм гэж үзжээ. Урьд өмнө нь бас ганц нэг удаа нуурнаас машин гаргаж байсан туршлага бий гэнэ шүү. Далайн гүнд ойчсон машин аягүй хөнгөхөн байдаг. Хоёр хүн ч хоёр талаас нь өргөөд хөдөлгөөд байж болдог ш дээ. Мөсөө модны "дружба" хөрөөгөөр цоолж нүх гаргаад пуужингийн үзүүрт уяа уяад машин руу харвачидаг юм. Тэгээд дээрээс нь аврагчийн хувцастай хүн бууж дэгээнд өлгөнө. Уяаны үзүүрт тороосоо бэхлээд Налайхын уурхайн "ковш" татдаг трактор шиг чирээд гаргаад ирсэн гэж ярьцгааж байна. Тэр усанд шумбадаг хувцсыг өмсөхийн тулд бусад хувцсаа тайлахгүй бол багтдаггүй. Даарахгүйн тулд нэг шилээс доошгүй архи уух шаардлагатай. Усанд их удахаар тархи задарчих гээд хамар амнаас цус сад тавьдаг. Өөр бас нэг хувцас бий. Тэр нь газар дээр болохоор хагас тонн гаруйн хүнд, хөдөлж барихад төвөгтэй эд юм билээ.
Одоо энэ усан дотор байгаа бусад дөч гаран машинуудыг нэг америк нөхөр электрон технологиор илрүүлээд гаргах төсөл бариад явж байна лээ. Манайхан зөвшөөрөөгүй дээ. Уг нь нэг их хөрөнгө ороод байх юмгүй, гол нь далай цэвэрлэхэд үнэлж баршгүй ач холбогдолтой юм даа. Усан дорх машинуудын зарим нь дүүрэн бензинтэй байгаа, техникүүд усандаа бол зэврээгүй бүтнээрээ байдаг. Шатахуун ба техникийг буцаагаад зарахад гаргасан өртгөө олчих боломж ч бий. Гол нь анхаарах, сэтгэл тавих хүн алга. Саяын хоёр машиныг гэхэд л гаргаж ирээд усыг нь шавхраад газар дээр нь асаагаад явчихсан гэх юм.
Энэ удаад ямар ч байсан усанд унасан машинаа хог болгон оршуулалгүй гаргаад ирсэн нь сайн хэрэг болжээ. Нөгөө талаас байгаль орчин гэж их ярьдаг болсон нь ийн нөлөөлж байна. Урьд өмнө нь тоодоггүй байлаа.
Дэлхийд данстай Хөвсгөл нуурыг цаашид хамгаалахын тулд зөвхөн нуурын цэвэр ус гэсэн дагнасан ангилалд оруулбал илүү үр дүнтэй гэж Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны газрын дарга Л.Даваабаяр онцолж байна. Л.Даваабаяр өмнө нь Ханх сумын Засаг даргаар ажиллаж байсан энэ нутгийн унаган иргэн. Одоо байгаль хамгаалагч бөгөөд Хөвсгөлийн төлөө санаа зовж явдаг нэгэн. Түүний дүгнэж байгаагаар бол энэ орчны нутгийг бүхэлд нь амьтан ургамал гээд хэтэрхий самгардаад хэдэн байгаль хамгаалагч хаа ч хүрэлцдэггүй гэнэ. Дэлхийн жишигт бол зөвхөн нуур, зөвхөн хөхтөн амьтан гээд дагнасан хамгаалалтууд байдаг. Тэр нь илүү оновчтой хамгаалалт болдог туршлагыг санал болгоод байгаа аж.
Одоо энэ нуур тойроод 52 жуулчны бааз зөвшөөрөл авчихсан. Ихэнх нь шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулдаг. Адаглаад л муу усаа далай руу урсгаж орхидог. Жорлонгийн машинаар муу усаа зөөж байгаа газар гэж алга. Мэдээж нуур руу л асгаж байгаа. Жуулчны бааз нууранд тулж байрласнаас жуулчид усанд орж хир буртгаа хаяж эрэг орчмыг булингартуулж байна. Хөвсгөл нь хэт цэнгэг учир экологийн хувьд дэндүү эмзэг газар. Хэтэрхий цэнгэг болохоор хүний ундны хэрэгцээнд нэмж эрдэсжүүлэх шаардлагатай болдог. Ийм тунгалаг, аккумлятор хүртэл цэнэглэдэг ус дэлхий дээр тун ховор гэх юм билээ. Тийм болохоор нуурыг аялал жуулчлалд хэт хавтгайруулан зугаа цэнгэлд ашиглахаасаа илүү хамгаалахгүй бол дэлхийн байгаль орчны байгууллагын өмнө хариуцлага хүлээж ч мэдэхээр болжээ.
Улаанбаатараас Хөвсгөл аймаг явах замын талаас илүү нь засмал замтай болоод байна. Удахгүй нэг хоёр жилийн дотор бүр далайн өмнөд эрэг Хатгал тосгонд хар зам ороод ирэхээр төлөвлөжээ. Хатгалаас цааш Ханх буюу хойд эрэг хүртэл нуурын баруун эсвэл зүүн талаар зам тавих тухай хэлэлцэж байна. Зүүгээр нь тавибал хуучин замтай арай төвөг багатай. Баруун эргээр бол цаашаа Дархадын гурван том сум руу явах ач холбогдолтой ч даваа бартаа ихтэй. Зарим газар тунель ухах шаардлага гарна. Ер нь яаж ийгээд баруун эргээр замтай болчихвол нуурын үзэсгэлэнг тасралтгүй хараад явчих их гоё аяллын зам бий болох юм билээ. Хатгал Ханх хоёрын хооронд явагсад мөсөн дээгүүр өвөл, усан дээгүүр зун хөвж мөнхийн айж түгшиж байдаг. Далай ээж маань байсгээд л хүний амь насыг авч оддог. Осол зэхий гарах тоолонгоор нуур сэвтэж бохирддог. Тээвэр хийдэг гадаадын шорвог далайгаас тэс өмнөө уудаг ус маань юм байна шүү дээ. Тэгэхээр давын өмнө замтай болоодохвол усан дээгүүр амь дүйж явахаа больцгоож тэр хэрээрээ хүн далай хоёр маань цуг аврагдах ач холбогдолтой. Мөн зам дагаж эзэнгүй нутаг хяналттай болж гадаад дотоодын аялал жуулчлалын хөл тасрахаа болин байгаль хамгаалах дуу хоолой үргэлж чихнээс уяатай болох юм даа. Одоохондоо тэр аглаг хөвчид чухам юу болж байгааг мэдэх арга алга. Зөвхөн нэгэн сумын сургуулийн дотуур байр ганц өвлийн түлшиндээ 600-800 машин мод бэлддэг, тэгэхээр бусад нь яадаг бол гээд бодохоор аймаар тоо гарч байгаа юм. Хоёр сумын иргэд нэрс түүх газраа булаацалдаад хөөгдсөн нь шарандаа түймэр тавьчихаад явчихдаг гэж байгаа юм. Самар түүхийн тулд модыг нь хөрөөдөж унаган тансагладаг гэсэн. Сүүлийн тайга руу алтны "нинжа" нар дайран довтолж яаж баллаж хаясныг бид мэдээллээс харж уншсан. Цаад талаас нь Оросын мафижсан балмад этгээдүүд дуртай үедээ орж ирэн засаг захиргааг нь хүртэл доромжлон дарамталж эзэн суун алдаад буй ноцтой мэдээллүүд ирсээр л байна.
Монголын газрын зурагны толгой шиг хэлбэртэй, тэргүүн нь нэг их сайхан мэлмэрсэн бүсгүйг зурсан мэт дүрстэй, их усан дайд далай ээжийн минь нүүрийг яасан их маажна вэ. Тийш урсах цусны судсыг тэлж, харгуйг яаралтай тавьж, огших сэтгэлийг бадрааж өгөхгүй бол энэ "толгой"-г мөрөн дээрээс нь цаазалж, тас цавчиж магадгүй байна. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан "Далай ээж цаазын тавцанд" хэмээн уулга алдаж байсан нь ийм учиртай ажээ.
Ж.ГАНГААХӨВСГӨЛ ДАЛАЙН ОРЧМЫГ СТРАТЕГИЙН БҮС БОЛГОЁ ус дагасан амьдрал-2
2011-01-25 12:52Дэлхийн нийт хүн амыг олон зуу хуваасантай тэнцэхээр өчүүхэн бага хувийг монголчууд бүрдүүлдэг атлаа цэн хэр гаригийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг агуулдаг Хөвсгөл далайг бид эзэгнэн амьдардаг. Гэтэл Далай ээжийн сүү болсон цэнгэг ариун усыг өнөөдрийг хүртэл хар ус шиг үнэлж, хайр гамгүй, хараа хяналтгүй ашигласнаас эхийн хайраар ариусан цэнгэгждэг энэ сүү ээдэж, гашлахад ойрхон болсон нь “Ус дагасан амьдрал”-ыг үргэлжлүүлэхэд хүргэлээ. Уул уурхай дагасан Монголын хөгжил Далай ээжийн тэргүүнийг нэг хэсэг цаазын тавцанд бөхийлгөж байлаа. Харин энэ заналхийлэлд төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс анхаарал хандуулсны ачаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар хамгаалагдаж, энэ орчмын газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого ч гэж хэлж болох энэ баримтлалын 3.5.1.6-д “Хангай, Хэнтийн нурууны усны эх, Хөвсгөл нуур орчмын газрыг Үндэсний парк байгуулах замаар улсын нөөцөд авч, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг өнгөрсөн онд тусгаж өгсөн юм.
Үүнийг Хөвсгөл далай түүний ойр орчмын газар нутаг нэгэн арвандаа ухуулж төнхүүлэх, уул уурхайгаас шалтгаалах аюулгүй болсон гэж ойлгож байгаа. Тиймээс энэ удаа уул уурхай биш ус дагасан их нүүдэл, онгон дагшин байгалийн үзэсгэлэнгээр нь ашиг хонжоо ологчид Монголын төдийгүй дэлхийн цэвэр усны эх ундарга болсон Далай ээжид аюул учруулж эхэлснийг хөндөхийг оролдлоо.
ХӨВСГӨЛ ДАЛАЙ БОГД УУЛЫН АРААС ОРОХ УУ
Монгол Улсад төдийгүй Төв Азид тэргүүлэгч цэвэр, цэнгэг усны их сан болсон байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуур, түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг хам гаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 31-р тогтоолоор Байгалийн үндэсний цогцолборт газар гэсэн ангиллаар хамгаалалтад авч, 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн Байгалийн цогцолборт газар болгожээ. Гэвч сүүлийн үед Хөвсгөл далайн эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын баазуудад тавих хараа хяналт суларснаас нуурын усыг бохирдуулах нь хэрээс хэтэрсэн талаар нутгийнхан ярьж байна.
Хатгал тосгоноос Хөвсгөл нуурын зүүн, баруун эрэг дагуу 70-80 км үргэлжлэх газар нутагт өнөөдрийн байдлаар 40-50 жуулчны бааз үйл ажиллагаа явуулах эрх авчээ. Гэвч тэд 2010 онд Хөвсгөл далайн цэвэр цэнгэг усыг ашиглаж, хэрэглэсэн бас бохирдуулсныхаа төлбөрт 2.5 сая төгрөг төлсөн байх юм. Гэхдээ бүгдээрээ бус, нэр бүхий хэдхэн компани энэ төлбөрөө өгсөн бол Хөвсгөл нууранд хөвж, ашиг орлого олдог олон хөлөг онгоц, моторт болон сэлүүрт завиуд ус ашигласны төлбөр огт төлдөггүй аж.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар нуурын эргээс 200 метрээс дотогш ямар ч үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэвч дээрх баа зуудад бараг эрэгт нь тулган үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон нь дээрх хуулийг зөрчихийн зэрэгцээ Хөвсгөл далайн усыг бохирдуулахад гол үүрэг гүйцэтгэж буй юм. Эдгээр компанийн анхдагч нь бараг 15 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Гэвч өнөөдрийг хүртэл бохирын асуудлаа стандартын дагуу шийдээгүй, ийм хүсэл эрмэлзэл байхгүйгээс “байгалийн ОО”-оос нь гарсан бохир нь Хөвсгөл далай руу шууд цутган, эрэг дагуух хэсгийг шарлаж, бохирдуулсныг энгийн нүдээр ч харж болохоор байдаг аж.
Үүнд уг нь Хөвсгөл нуурын Тусгай хамгаалалтын газар гэх байгууллага хяналт тавих үүрэгтэй. Гэвч Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын суудал албан тушаалын бялуу хуваалтын бас нэгэн амттай хэсэг болсноос улстөрчдийн дохио зангаанд автжээ. Намар болгон л дээрх баазуудыг хаасан хэмээн мэдэгддэг аж.
Гэвч хавар болохоор үйл ажиллагаагаа бахь байдгаараа үргэлжлүүлдэг нь эрх мэдэлтнүүдийн сүлжээ энд хэр зэрэг газар авсныг илтгэх биз ээ. Хөвсгөлийн эрэг дагуу газар авах, олгох нь Улаанбаатарын тусгай хамгаалалттай газар “асан” Богд уулын амаас ч илүү үнэ хүрдэг болжээ. Хөвсгөлийн эрэг дагуух нэг га газар 30- 40 мянган ам.доллараар үнэлэгддэг нь үүнийг гэрчилнэ. Ийм зарыг интернэтээс хаа сайгүй харж болно.
Жанхайн амралтын хажуу дахь газрыг 40 мянган ам.доллараар зарна гэсэн зар саяхныг хүртэл www.gazar.mn сайт дээр утас хаягтайгаа хар дээр цагаанаар зурайж байсныг санаж байна. Хэдэн жилийн өмнө нийслэл дэх Богд уул Хөвсгөл шиг Тусгай хамгаалалттай газар байлаа.
Харин одоо аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийдлээр зөвшөөрөл авсан компаниуд орон сууцны хороолол сүндэрлүүлснээр хүссэн ч, үл хүссэн ч тусгай хамгаалалттай газар гэхэд итгэхэд бэрх болсон. Яг үүн шиг хувь заяа өнөөдөр Хөвсгөлийг хүлээж байна.
БАРУУН ЭРЭГ ДАГУУ ТАВИГДАХ АВТО ЗАМ ХЭНД ЗОРИУЛАГДСАН ЮМ БОЛ
Нуурын хоёр эрэг дагуу Хатгалаас цааш 70-80 км үргэлжилдэг аялал жуулч лалын бүсээс цааш тусгай хамгаа лалттай газар нутгийн Онцгой бүс үргэлжилдэг. Одоогоос дөрвөн жи лийн өмнө буюу 2007 онд Хөвсгөл нуу рын зүүн эргийн дагуух онцгой бүсэд БОЯныхан аялал жуулчлалын зориулалтаар 50 км үргэлжлэх 13888 га газрыг “Хөвсгөл давал гаа” компанид 40 жилийн хуга цаатай ашиглуулахаар гэрээ бай гуулж байсан.
Хөвсгөл нуурын эргийг Швейцарийн баячуудад өглөө хэмээн тухайн үед нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарснаас энэ гэрээ хэрэгжээгүй. Гэхдээ 40 жилийн хугацаатай байгуулсан газар ашиглах энэ гэрээ бүрмөсөн цуц лагдсан эсэх нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байгаа.Гэтэл саяхнаас Хөвсгөлийн баруун эрэг буюу Жанхайн амралтаас хойших онцгой бүсэд ХатгалХанхыг холбосон 80 км авто зам тавих тендер зарлаад байгаа нь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай бүс биш тусгай эрхмүүдийн амралтын газар болгох бэлтгэх ажлын нэг хэсэг эхэллээ гэсэн хардлагыг нутгийнханд төрүүлж эхэлсэн бололтой.
Уг нь Хатгал-Ханхыг холбосон ийм зам энэ нуурын зүүн эрэгт бий. Гэтэл ийнхүү баруун эрэг дэх тайга, ян сарьдгуудыг сэтлэн байж, зүүнээсээ 70 км-ээр алсуур авто зам барих гэж буйн учрыг нутгийнхан нь тайлж чадахгүй байна. Учир нь Жанхайн амралтаас хойш Тойлогт гэх газраас цааш Тусгай хамгаалалттай газар нутгийн онцгой бүс үргэлжилдэг аж. Гэтэл Монголын баруун хойд хязгаар Хөвсгөлийг мянганы замтай холбох гэж өнөөдрийг хүртэл гар хөдөлгөж, шийдвэр гаргахыг ч хичээдэгг үй эрхмүүд Хөвсгөл нуурын онцгой бүсэд авто зам тавих гэж ийнхүү хүчлэн чармайх нь хэний ашиг сонирхолтой холбоотой вэ?
Хөвсгөл нуурын баруун эрэг буюу одоо хүртэл хүний мөр хүрээгүй онгон дагшин байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ онцгой бүсэд нэр бүхий эрхэм түшээд газар авсан талаар нутгийнхан нь ярьж буй нь үнэн болов уу? Хэрэвзээ энэ нь батлагдвал Хөвсгөл далайн ойр орчмын газар нутаг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаснаар ирээдүйд Үндэсний парк болно.
Харин тэр цагт нуурын эрэг дагуу эрх мэдэлтнүүдийн эдлэн газар үргэлжилж, өнөөдрийн Богд уулын аман дахь баячуудын хороолол сүндэрлэсэн байвал гайхаад байх хэрэггүй болох нь. Харин тэр цагт Хөвсгөл далайн ус цэвэр ариунаараа үлдэх болов уу?
КОМПЕНСАЦИ БУЮУ ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ХЭСЭГЧЛЭН ГАРГАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
Өнгөрсөн хаврын чуулганаар УИХын гишүүн Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, Л.Гүндалай, Б.БатЭрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба нар Байгалийн зарим цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан. Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газарт амьдарч, үйл ажиллагаа явуулдаг сонгогчдодоо газар эзэмших, өмчлөх эрхийг нь эдлүүлэхийн тулд дээрх гиш үүд энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэнэ.
Энэ хууль хэрэв батлагдвал Хөвсгөл аймгийн Ханх сум, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хэнтий аймгийн Дадал сумын иргэд тусгай хамгаалалттай газарт өмчтэй болно. Эрхэм гишүүд онцолж буйгаар “нөхөн гүйцээлт”-ийн буюу компенсацийн аргыг баримтлан энэ төслийг боловсруулсан тул тодорхой газрыг хамгаалалтын бүсээс чөлөөлж, үүнийгээ шинээр нэмж улсын тусгай хамгаалалтад газар авах замаар гарч болзошгүй бусад эрсдэлийг шийдвэрлэх юм байна. Нутгийнхны хувьд сайхан л боломж.
Гэхдээ ашиг сонирхлоо хуульд хүртэл шургуулж чаддаг зарим нэг төрийн түшээдийн далд санаа үүний цаана бүү нуугдсан байгаасай. Өнөөдөр Тусгай хамгаалалттай газар нутаг Монголын өнцөг булан бүрт бий. Гэвч тэнд энэ хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаль орчин газар нутаг нь хамгаалалттай байж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Монгол хүн бүрийн сайн мэддэг, сэтгэл зүрхээрээ бахархан, хайрладаг Хөвсгөл далайг гэхэд л иймэрхүү маягаар хамгаалж байна.
Хэн дуртай гишүүн нь хууль санаачлан тусгай хамгаалалтаас хасчихаж чадах эрх мэдэл улстөрчдөд байна. Ийм тохиолдолд Хөвсгөл далайгаа, цэвэр усны эх ундаргаа бид яаж хамгаалах вэ? Дэлхийн улс орнууд өнөөдөр усаар дамжуулан геополитикийн бодлогоо хэрэгжүүлж байна.
Харин манайд ийм бодлого байна уу. Хөвсгөл далайгаа хамгийн эхэнд стратегийн бүс болгон зарлаж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж чадвал Далай ээжийн маань сүү алт, нүүрснээс илүү баялаг дагуулах биш үү.Хөвсгөл нуур